Ц.МӨНХЦООЖ:  “НЭГ ДЭЛХИЙ, НЭГ ХЭРЭГЛЭЭ, НЭГ СТАНДАРТ” ГЭСЭН  ЗОРИЛГЫГ БИД ЭРХЭМЛЭДЭГ

Үндэсний хөрөнгө оруулалттай “Домогт Хан Алтай” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Мөнхцоожтой ярилцлаа.
   

“Домогт Хан Алтай” нь  2016 оноос хойш  үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Голлох үйл ажиллагааныхаа талаар эхлээд ярина уу?

     Манай компани  байгуулагдсанаасаа хойших таван жилийн хугацаанд  уул уурхайн бүх төрлийн хүнд машин механизмын газартай харилцах, түргэн элэгдэх эд ангийн худалдаа, түүний дараах засвар үйлчилгээг үзүүлж байна. Мөн зөвлөгөө, зуучлалын үйлчилгээг давхар явуулдаг.
     Дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахлын улмаас  дотоодын компаниудийн үйл ажиллагаа хумигдсан дүр зураг ажиглагдсан. Танай компанийн хувьд байдал ямар байна вэ?

     Уул уурхайн салбар бол манай орны эдийн засгийн суурь хүчин зүйл болдог. 2020 он гарснаас хойш дэлхий нийтэд тархаад байгаа цар тахалтай холбоотойгоор уул уурхайн экспорт түүний дотор нүүрсний салбарын орлого оны эхний хагаст 50%  буурсан сөрөг үзүүлэлттэй байна. Үндсэн олборлогч, компаниудын бүтээгдэхүүний экспортын орлого, хүчин чадал нь буурсан. Үүнийг дагаад ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч  компаниудын үйл ажиллагаа тэр хэмжээгээр саараад байна. Гэхдээ 2020 онд алтны зах зээл тогтмол өсөлттэй эерэг байна. Алтны олборлолт, тушаалт өмнөх жилийн энэ үетэй харьцуулахад тодорхой хэмжээнд  өссөн мэдээ байна. Алт олборлогч аж ахуйн нэгжүүд хэвийн ажиллаж байгаа нь  худалдааны компаниудад эерэг нөлөөлөлтэй байна.
    Танай компани нь НFM  болон БНХАУ-ын HILO брэндийн  Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажилладаг. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

     HFM брэнд нь 16 жилийн түүхтэй бөгөөд бүх төрлийн уул уурхай, хүнд машин, механизмын түргэн элэгдэх газартай харьцах эд ангийг үйлдвэрлэдэг. HFM нь техникийн брэнд харгалзахгүй бүх төрлийн хүнд машин механизмд таардаг онцлогтой. Манай компани энэ бүтээгдэхүүнийг оруулж ирсэн 2016 онд эхний жилдээ нэг зуун мянган ам.долларын борлуулалт хийж байлаа. Жил ирэх тутам бидний борлуулалт 150-230 хувь буюу 2-3 дахин нэмэгдэж ирсэн. Үүнийг бид өнгөрсөн таван жилийн хугацаанд  өөрийн гэсэн хэрэглэгчтэй болж, олонд танигджээ гэж дүгнэдэг.

      2019 онд гэхэд зөвхөн HFМ брэндийн борлуулалтын орлого нэг сая хоёр зуун мянган ам.долларт хүрсэн. Энэ жилийн байдлаар  мөн нэг сая ам.долларын борлуулалт хийгдээд байна. Оны сүүлээр өнгөрсөн жилийн борлуулалтаа давуулах боломжтой гэсэн ерөнхий төсөөлөлтэй байгаа.
      HILO брэндийн хувьд гол онцлог, давуу талууд нь юу вэ?

      HILO брэнд нь бүх төрлийн машин, механизмын хүнд нөхцөлд зориулагдсан дугуйг үйлдвэрлэдэг. Манай компани 2017 оноос эхлэн тус брэндийн дугуйны  Монгол дахь албан ёсны дилерээр ажиллаж байна. Уурхайн онцлогт тохирсон бүх төрлийн хэмжээтэй дугуйг харилцагчиддаа нийлүүлдэг.  Энэ хоёр брэндийн гол давуу тал  бол нэгжид ногдох өртөг зардлыг бодитоор бууруулдагт байгаа юм. Бид борлуулж буй бүтээгдэхүүндээ тодорхой суурь судалгааг хийж, харилцагч байгууллагуудын ажиллаж буй ордын уул технологийн онцлог, чулуулгийн бүтэц, гео технологийн хүчин зүйлст нь тулгуурлан борлуулахыг эрмэлздэг. Ямар ч сайн бүтээгдэхүүн уул, технологийн нөхцөлд тохирохгүй бол худалдагч, худалдан авагч талуудын хооронд үл ойлголцол үүсдэг. Иймд судалгааг тогтмол маш сайн хийж байж бүтээгдэхүүний бүтэц, хийц дээр анхаарч аль болох чанарыг эрхэмлэн ажиллах шаардлагатай. Итгэлцэл бол худалдааны том илэрхийлэл гэж би үздэг.
      Та сая итгэлцэл бол худалдааны том илэрхийлэл гэж хэллээ. Танай компанийн зорилго “Итгэлцэл сайныг дагуулна” гэсэн уриатай. Уриагаа тайлбарлавал?

       Манай ажилчид харилцагчдаа том жижиг гэж ялгаж харьцахгүйгээр  нэг сэтгэл, нэг санаа зорилготой ажилладаг. Борлуулж байгаа болон худалдан авч байгаа хоёр тал харилцан нягт итгэлцэлтэй байх ёстой.

      Уул уурхайн олборлолт явуулж байгаа компаниудын хувьд газартай харьцах эд ангийн өртөг зардал  мэдээж жижиг асуудал биш. Ялангуяа өрөмдлөг, тэсэлгээтэй ордын тухайд ир шүд болон дугуйны зардал өндөр гардаг. Иймд өмнө дурдсанчлан тухайн ордод тохирсон бүтээгдэхүүнийг санал болгож нийлүүлнэ гэдэг нь өртөг зардлыг бодитоор бууруулахад шууд хамааралтай. Бид 2017 оноос хойш уул уурхайн компаниудын өртөг зардлын хэмжээг тодорхойлох зорилгоор ангилж хийсэн судалгаагаар  өрөмдлөг тэсэлгээгүй ухаж ачиж байгаа уурхайн газартай харьцах эд анги буюу  экскаваторын ир шүд, бульдозер,  грэйдерийн ир, автосамосвалын дугуйн зардал нь нийт  олборлолтын зардлын  4-5% байсан.

       Харин өрөмдлөг, тэсэлгээтэй уурхайн олборлолтын өртгийн 8-9% газартай харьцах эд ангийн зардал болдог.  Томоохон төслийн нийт зардлын 8-9%-ийг газартай харьцах эд ангийн зардал эзэлж байна гэж дүгнэе, жилд арван 10 сая ам.долларын зардалтай уурхайн зардлаас 2-3% буулгахад маш их хэмжээний хөрөнгө хэмнэж чадна. Үүний төлөө хэрэглэгч бүрд оновчтой чанартай бүтээгдэхүүн хүргэхийг бид зорьж ажиллаж байна.   
       Уул уурхайн бүх төрлийн зөвлөгөө, зуучлалын үйлчилгээ үзүүлдэг гэсэн. Энэ талаар тодруулна уу?

       Уул уурхай бол том салбар.  Тиймээс бид  компаниудыг хоорондоо уялдаа холбоотой ажиллахад дэмжлэг туслалцаа үзүүлж, зуучилдаг. Манай компанид уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагатай боловсон хүчин бий. Салбартаа танигдсан хүний хүрээллээр бид байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлээс нь үл хамааран холбож өгөх ажлыг хийдэг.  Энэ бол манай зүгээс үзүүлж байгаа ашгийн бус үйл ажиллагаа. Бид мөн уул уурхайн  ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ хийдэг тусгай зөвшөөрөлтэй, үүний хүрээнд уулын ажлын төлөвлөгөө, тайлан боловсруулж, мэргэжлийн инженер техникийн ажилчидтай хамтарч зөвлөгөө өгч ажиллаж байгаа.  Манай компанид геологи уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагатай  монгол улсын зөвлөх инженер 1, салбарын 2 мэргэшсэн инженерүүд тэргүүлэн ажиллаж байна.
        “Нэг дэлхий, нэг хэрэглээ, нэг стандарт” гэсэн  зорилгыг танай компани эрхэмлэн ажилладаг байх аа?

         Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн бүтээгдэхүүнийг аль ч улс оронд очиход тухайн салбарын хүмүүс нь мэдэж байдаг. Ийм брэнд бүтээгдэхүүнийг бид үйлдвэрлэгчээс нь хэрэглэгчдэд хүргэдэг учраас “Нэг дэлхий, нэг хэрэглээ, нэг стандарт” гэсэн  зорилгыг эрхэмлэдэг юм.  
        “Домогт Хан Алтай” компанийн ойрын зорилго юу вэ?

         Байгуулагдсан цагаасаа хойш 27-28 компанитай байнгын холбоотой ажиллаж байна.  Бид жил бүрийн тайлангаа гаргахдаа ямар түвшинд ажиллаж байгааг хардаг. Таван жилийн дараа гэхэд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниуд дундаа эхний топ тавд орохын төлөө зорьж ажиллаж байна. Үндэсний компаниудын  үйл ажиллагааг та бүхэн ч гэсэн дэмжиж ажиллаарай.  Итгэлцэл сайныг дагуулна.